Усанд орж байх зуураа олсон шинэ хууль нээсэн Архимед гэнэтийн баяр хөөрт автан эхээс төрсөн чигээрээ Сиракузын гудмаар “Эврика” гэж хашгичсаар явсан гэдэг. Баярласандаа ухаанаа алдсан нь тэр л дээ. Яагаад? Архимед баярласандаа ийн согтуу хүн шиг аашлав?
Хүн ямагт аз жаргал хайдаг сэтгэл зүйн зүй тогтолтой. Аз жаргал нь эерэг мэдрэмж, харин эерэг мэдрэмж нь сонирхол, баяр баясгалангаас эхээ авдаг. Сонирхол, бүтээлч хөдөлмөр ба түүний үр дүн, баяр баясгалан, хайр сэтгэлийн үрээр бий болдог. Ажилдаа амжилт, амьдралдаа жаргал дүүрэн явахыг бид нэг нэгэндээ үргэлж ерөөдөг нь эндээс улбаатай.
Хүнд хүсэл сонирхол төрөх үед биеийн эд эрхтэнүүд морфинтой ижил үйлчилгээ бүхий эндорфин бодисыг цусанд шахдаг болохыг биохимичид баталдаг. Нэг ёсны, хүн амьдралдаа СОНИРХОЛТОЙ байх аваас өвчинд нэрвэгдэх нь бараг үгүй, архи уухыг ч хүсээд байхгүй. Харин БАЯР ХӨӨРЛИЙН процесс явагдахад хүний биеийн эд эрхтэнүүд цусанд алкоголь их хэмжээгээр ялгаруулдаг тул хүн баярласандаа хэсэг хугацаанд ажил хийх чадваргүй, дүйнгэ болоод эргээд хэвэндээ ордог байх нь. Нүцгэн гараад гүйсэн Архимедийн цусан дахь алкоголийн хэмжээ ямар байсныг төсөөлөөд үздээ.
Амьдрал утгагүй, баяр баясгалангүй бол хүн алдагдсан аз жаргалаа архи, хар тамхинаас хайж, хараат болох нь бий. Ийм хүмүүст хор хөнөөл, үр дагаварыг залхтал яриад нэмэргүй ээ. Хүн гэдэг амьтан хорих тусам тэмүүлдэг гэмтэй. Үүнд орвол бүтээлч амьдралыг мэдрүүл. Энэ тохиолдолд амжилт гарах нь дамжиггүй. Харин амжилт цусан дахь эндорфин, алкоголийн хэмжээг хүссэн тун, грамм, магадгүй бүр шилээр нь өгч, тэгээд бас шартаж толгой өвдөх мэтийн ямар ч хор балгүй боловсруулаад өгнө. Байгаль эх бүгдийг бодолцсон байхад өөрийгөө хуурах хэрэг байна уу.
Литвак М.Е. “Архидалт” нийтлэлээс