Нэг залуу анхны хайраа мартаж чадахгүй байгаа, уулзахыг хүсдэг тухай бичжээ. (Би чамайг хэзээ мартах юм бол доо. Эсвэл мартахгүй юм болов уу…) Чамд гэж хэлэхэд наад бодлоо түүний ч, чиний ч амьдралыг чинь нураах хорт могой гэж бодоод алж орхи!!! Дутуу алсан могойтой учирмааргүй байгаа биз дээ.
Нилээд хэдэн жилийн өмнө эхнэр маань яг л дээрх захидлын эзэн шиг анхны хайртаа бодож сэтгэл нь догдолж нөгөө залуутайгаа холбогдож, хайртай дуртай, санаж хүсдэгээ хэлж байсан нь надад мэдэгдчихсэн юм. Энэ явдал тухайн үед бүх л итгэл найдвар, хүсэл мөрөөдлийг минь унтраасан. Ганцхан надад хайртай гэж бодож итгэж явсан хүн минь дотроо өөр хүн хайрладаг гэдгийг мэдэх чинь араараа тавиулснаас долоон дор. Сэтгэл санаагаар ч их унасан даа. Гэхдээ л би тэссээн. Товчхондоо бол тэр уучлал гуйж, би уучилж цаг хугацаа сэтгэлийг шархыг эдгээсэн. Одоо
бол хүссэнээ авчих сачийтай, үр хүүхдүүдтэйгээ дутагдах гачигдах зүйлгүй, тэд маань ч хүмүүжилтэй сайхан л амьдарч байна. Гаднаас харах байтугай гэрт ирээд цуг амьдарч байгаа хүнд ч бүх зүйл ОК л харагдаж байгаа.
Тэр жилийн асуудал давтагдчих вий гэсэн нууцхан айдас байдаг байсан ч би эхнэртээ итгэж энэ айдсаа давсан. Хэзээ ч хувийн зүйл рүү нь өнгийхгүй байхыг хичээдэг. Компьютер дээр fb нь нээлттэй байвал гаргаад, хааяа утсыг нь хэрэглэх хэрэг гарсан ч fb-ийн цэнхэр, утас мессежний ногоон логон дээр дарахгүй л өнгөрдөг юм. Эхнэр минь ч дахиж элдэв янз болсонгүй олон жил өнгөрч дээрх асуудал ч мартагдлаа. Болдогсон бол энэ дэлхийгээр нэг бие биедээ итгээрэй гэж хашгирмаар санагдаж дотор минь аз жаргал бялхана.
Хүмүүсийн хэлдгээр амьдрал баян юм хойно болохгүй бүтэхгүй асуудал ямар нэг байдлаар мэдэгдчих юм. Дахиад л нөгөө асуудал… Новш гэж. Энэ мөчөөс хойш би жүжигчин болчихлоо. Бүхнээ зориулж байгаа хүн минь дотроо өөр хүн бодсоор, хүссээр байгааг мэдээд бүгдийг самарч хаямаар санагдах юм.
Гэвч хэзээ нэгэн цагт түүнд хайртай шигээ надад хайртай болох байх, би ганцхан түүнийг хайрладаг шиг зөвхөн намайг хайрлана байх гэдэгт итгэн, иймхэн асуудлаас болж гэр бүлээ үгүй хийхгүйн тулд ухамсар минь намайг сайн нөхөр, сайн аавын дүрд тоглуулсаар л байна. Эхнэртээ ямар их хайртайгаа чадах чинээгээрээ илэрхийлж, гэрт үр хүүхдүүд, хайртай эхнэр минь хүлээж байгаа гэсэн бодлыг толгойдоо хүчээр төрүүлнэ. Дотор минь шатаж, гомдлоор буцалж байвч гэр бүлийнхээ уур амьсгалыг эвдэж, үр хүүхдээ зовоохгүйн тулд худлаа инээмсэглэл нүүрэндээ нялж, хүүхдүүдтэйгээ тоглож, үлгэр уншиж өгч, хичээлийг нь давтуулж, сонирхсон бүхнийг нь тайларлаж үдшийг өнгөрөөнө. Чөтгөр ав! Энэ маскийг авч хаяхсан. Өнгөрснөө өнгөрсөндөө үлдээгээгүйгээс болж хань ижлээ зовоодог хүмүүс хэзээ нэг өдөр ойлгох болтугай.
Анхны хайр бол хүнд хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамж байдаг. Яагаад үүнийг сайхан дурсамж хэвээр нь байлгаж болдоггүй юм бэ? Хоёулаа л баахан хүүхэд шуухадтай, эргэж нийлэх ямар ч боломж байхгүй байхад яах гэж хязгаарыг давсан элдэв юм ярьцгаагаад холбоотой байгаад байдаг юм болоо? Надад мэдэгдчихэлгүйхэн шиг элдэв асуудалгүй унтвал унтаад харилцаагаа нэгмөсөн тасалчихахаасай ч гэсэн бодол хүртэл зурсхийх юм. Надад ч гэсэн сайхан дурсамж байгаа. Гэхдээ сэтгэлдээ бодолдоо л эргэн дурсахаас хэзээ ч тэрийг сөхөхгүй. Уулзах тухай сөхөхөд хэдий дуртай байсан ч одоо 2-уулаа хэрэггүй биз дээ гээд л өнгөрөөдөг. Одоо харин нэг ийм яриаг өдөөгөөд ямар мэдрэмж авдгийг нь үздэг ч юм бил үү. Аргаа ч барж байна даа би.
За за гэр бүлийн хүчирхийлэл, архидалт энэ тэрийн хажууд энэ ч тийм том асуудал биш биз дээ. Ингэсгээд захиагаа дуусгая. Гэхдээ л энэ асуудал намайг дотроос минь алж байна…