Сайн байцгаана уу. Би өөрийн амьдралын талаар бичиж зөвлөгөө авах гэсэн юм аа. Одоо 23-н настай. Гадаад магисрт-т суралцдаг. Айлын ганц охин. Ээж аав минь намайг 15-тай байхад салсан. Гэхдээ л би нэг ч хэрүүл уруул, орилоон хашгираан гэдэг зүйлийг сонсож байгаагүй санагддаг. Аль аль нь эрдэм номын мөр хөөсөн сэхээтэн улсууд л даа. Даруухан өөр өөрсдийнхөө ажил, хөдөлмөрөө эрхлээд явж байдаг. Аав минь намайг нэлээн том болсны дараа хоёр дахь амьдралаа зохиосон ч үргэлж л надтай уулздаг гадуур зугаалдаг, сонин содон шинжлэх ухааны нээлтүүд, газар орны тухай ярьдаг намайг ч сонсож яг надтай том хүнтэй харьцдаг шиг харьцдаг байсан. Аль аль нь бага байхаас минь л миний шийдвэрийг хүндэтгэж хэзээ ч аливаа зүйлээс хориглож байгаагүй ээ.
Гэхдээ эмээ минь намайг хүн болгосон учраас ч тэрүү айлын ганцдаа ч тэрүү багаасаа жаахан хувийн орон зайтай, хэрсүү өссөн хүн л дээ. Ингээд бусад охидын л адилаар сайхан хайраа олоод сайхан амьдарна даа гэж мөрөөддөг байлаа. Ингэж явсаар 3 жилийн өмнө хайртайгаа учирсан. Бүх зүйл үнэхээр сайхан байсан. Олон хүнтэй ч уулзаж учралгүй, өөртөө л нэлээд зарчимч байсан би гэдэг хүн хайрлаад л хайрлаад л. Миний жинхэнэ хайр минь мөн гэж итгэдэг. Гэхдээ мэдээж өдийг хүртэл хосуудын туулдаг бүхий л үл ойлголцол маргаан бүхэн байсан. Би жилдээ 3-4 удаа амралтаараа очдог юм. Тэр минь намайг хүлээгээд л хоёр талаас ярилцаж байгаад л миний тасалбарыг болгочихно. Тэр минь хүн л юм чинь дээ өөрийн гэсэн дутагдалтай, би ч тэр гэхдээ тэр занг нь би засаад зөөлрүүлээд өнгөрөөж чадна аа гэж итгэдэг. Үнэхээр одоохондоо, бид хоёр гэдэг хүмүүсийн хооронд асуудал алга аа.
Гэвч… түүний ар гэрийн асуудал. Тэр айлын бага хүү дээрээ хоёр эгчтэй. Ээж нь хавь ойрынхон, хамаатан садандаа ааш авираараа алдартай. Ер нь л хүн болгон айж байдгийн. Би ч эмэгтэй хүн дээр нь нэлээн мэдрэмтгий учраас анхнаасаа тэрийг нь ойлгодог байсан. Анх үерхээд хагас жил болоод тэр минь байр аваад тусдаа гарсан. Тэр хүртэл бид 2 манайд хамтдаа байдаг байлаа. Ингээд л бүх асуудал эхлэв. Анх танилцсан цагаасаа ээжид нь гэрийнхэнд нь би аль болох сайхан зөөлөн дулаахан хандах гэж их хичээдэг байлаа. Тусдаа гарснаасаа хойш хайртай эмээ дээрээ ч байнга очдоггүйгээрээ л очдог байв. Ээж нь анхнаасаа л, “миний хүү шиг хүү байхгүй, гудамжаар нэг охидууд байна, эмэгтэй хүн чинь угаасаа эрэгтэй талаа л дагаж байнга хажууд нь байдаг юм” гэх үгсийг хэлдэг байв.
Тэгээд дээр нь өөрийн 3 хүүхдээсээ бусад бүх хүнийг муу хэлнэ. Нөхрөө муу хэлнэ, манай хүний хуучин найз охиныг муу хэлнэ. Дээр нь тэднийх очих бүрт нэг хэрүүлтэй ер нь нэг ширэв татсан аймаар хүмүүс. Би ч эгч нарынх нь хүүхдүүдэд сайн ханддаг надад ч тэд нь их хайртай. Ер нь анх “Зөөлөн дулаан хайр энэрэл мэддэггүй айл юм байна. Үр хүүхдүүдээ өсгөх гэж өчнөөн зовлон үзсэн эмэгтэй байх нь, чадахаараа тусалж ирээдүйд өчнөөн сайхан зүйлсийг үзүүлэх юмсан. Хүн муулдаг байхаа болиосой” гээд л их гэнэн мөрөөдөлтэй тэдэнд ханддаг байлаа.
Өдөрт бараг 5 удаа зоолттой хүү рүүгээ залгана, ямар ч ач холбогдолгүй зүйл ярих гэж. За ингээд байж байтал зуны нэг өглөө үүрээр ээж нь 2 зээгээ дагуулсан ороод ирлээ. Амралтын өдөр байсан юм. Гэнэт л над руу үг хаяад “тав тухыг чинь алдагдуулсанд уучлаарай” гэдэг байгаа. Би ч удаан тэссэн шууд л “та яагаад ингээд байгаа юм бэ? Би таныг яасан юм бэ?” гээд л хэлчихлээ. Би ер нь хүнтэй хэрэлдэж чаддаггүй юм аа. Жаахан салга талдаа. Тэгсэн шууд л цэнэгтэй танкыг асаагаад тавьчихлаа “чи ёстой хар санаатай, чам шиг тэнэг охин үзээгүй, чиний эх эцэг хажиг зожиг” ээ бурхан минь амьдралдаа уулзаж ч үзээгүй байж ээж аавыг минь доромжилдог байгаа. Би зүгээр болъё гээд л гараад явах гэсэн манай найз залуу намайг өмөөрөөд гаргадаггүй ээж рүүгээ уурлаад. Би ч бодож бодож эртхэн дээрээ болъё гэж бодоод л хамаг юмаа аваад гэртээ харьчихсан. Гэтэл хэд хоноод манай хүн яриад ээж уйлаад уучлалт гуйж байна гээд. Ингээд тэр зун нэг ийм үл ойлголцолтой өнгөрөв.
Манай хүний хувьд, их биеэ даасан шударга хөөрхөн ааштай сургуулиа төгсөөд л гадаадад энд тэнд томилогдоод амьдралдаа их арчаатай залуу л даа. Гэрийнхнээ эгч нарыгаа байнга харж үзнэ. Манай хүний үгийг ч гэрийнхэн нь их сонсдог. Тэгээд тэр зунаас хойш би ч илүү сэтгэл гаргадаг байя гэж шийдээд ирэх бүртээ ээжид нь дүү нарт нь зөндөө бэлэг аваад л орж гараад л аль болох илүү халамжтай байх гэж хичээдэг болов оо. Гэхдээ л нэг тийм хүн муулахыг нь сонсох, ширүүн харц үг сэлтэнд нь зэвүү хүрээд л байдаг байсан юм. Ээж аавтай минь уулзах болсон, бид хоёр хуримын талаар ярьж байв. Тэр минь гэрлэх санал гайхалтай гоё гэнэтийн бэлэгтэйгээр тавьсан юм. Манай ээж, нэг уулзахдаа “энэ жил чинь хурим хийхэд хэр жил вэ дээ?” гэж асуулаа. Тэгсэн тэрийг аймаар их үг болгосон, ээж нь “тэгээд хуримын зардлаа нөхөж чадах юмуу, гэрлээд хүүхэдтэй болоод л болно биз. Ээж нь дургүй байгаам бишүү боль боль” гэсэн үгс бас л хаяж эхлэв. Би ч таг чиг байсаар амралтаа дуусгаад буцсан.
Ингээд сая зун очихдоо ч бас л бэлэг сэлт болоод шууд л хамгийн түрүүнд ээж дээр нь очлоо. Хөөрхий эмээ өвөө дээрээ биш шүү дээ. Бас л баахан худлаа үнэн ярьж байснаа, “хоноод яв” гээд болдоггүй. Би ч эмээ минь хүлээж байгаа гээд л гараад ирсэн. Бүүр дургүй хүрээд болдоггүй, үргэлж хүнийг үгээрээ байлгаж тушааж дарамтлах гэж оролдоно. Байнга хажууд нь байж хамтдаа хов базаад сууж байхыг хүснэ. Ингээд дахиад нэг бөөнөөрөө цуглах үед нь байж байтал бас л хоно гэлээ, “өө чадахгүй ээ, бэлтгэлгүй ирсээн” гээд дараа өдөр нь өөр ажилтайгаа тайлбарласан ширэв татаж уурлаад л “чи намайг гомдоолоо” гээд баахан хүний өмнө загнадаг юм байна. Ер нь хүнд их ширүүн тулгана, тэгээд эвтэйхэн тайлбарлах гэхээр муухай муухай хараад л үг хаяад дараа нь байнга залгаад заавал нэг асуудал үүсгэх тал руугаа хэлбийчих гээд байдаг юм.
Тэрийг нь мэддэг учраас би ч дуугүй өнгөрөөд орой нь бөөнөөрөө байж байтал, ээжтэйгээ хамт амьдардаг том эгч нь үнэхээр инээдтэй тоглоомон дээр шалтаг гаргаад над руу дайрдаг байгаа. Баахан орилоод инээдтэй, би ч бүүр бантаад үг хэлж чаддаггүй чичрээд. Орой нь унтаж чаддаггүй явлаа гэсэн манай найз залуу утас өгдөггүй гэтэл хажуу өрөөнөөс ээж эгч хоёр нь орж ирснээ л ээж нь, “за чамайг бид нар өчнөөн тэслээ, гудамжаар нэг охин байна. Эртхэн наадахнаасаа сал. Та нарын тэр боловсролтой юмтай хумтай чинь тэндээ л юм байгаа биз. Чам шиг тэнэг хүүхэн үзсэнгүй” ээ бурхан минь үнэн аймаар балмад байсан.
Ингээд би ч болъё гэж бодоод нэг долоо хоногийг ээжийндээ үнэхээр хэцүү өнгөрөөсөн. Өөрсдөө сайхан байх гээд байхад яагаад гэж бодохоор л нулимс асгараад. Надруу ээж нь 2 хоноод залгаж байнаа, авсан чинь “за яав уур чинь гарснуу бла бла бла чи үнэхээр тэнэг охин”. Ээж аав минь байдлыг ойлгоод “ер нь их хэцүү бол болиход яахав дээ” л гэдэг юм. Тэд тэгээд намайг өсөөрөөд л хэрүүл уруул хийгээд л явж чадахгүй л дээ.
Манай ээж аав хоёр манай хүнд үнэхээр хайртай. Ээж минь бүүр надаас илүү хайртай байхгүй үед минь дандаа хоолонд урина, хүүдээ дулаахан гээд цамц авчихна. Аав минь ч тэр нялуун олон үгтэй хүн биш ч үе үе уулзахдаа байнга л дотно яриа дэлгээд л баярлаад л суудгын. Аав минь ер нь шинжлэх ухааны талын хүн учраас нээх их олон үггүй л дээ, хүнтэй хэрэлдэнэ хүнд үг хэлнэ гэж байхгүй. Өөрөө л зөв гэвэл зөв замаа сонго л гэдэг юм. Харин багаас минь, амар тайван байдал орчин хүнд юу юунаас илүү чухал шүү гэж л хэлдэг байсан.
Ингээд л дахиад л салж чадалгүй нийлчихсэн. Одоо өөр газар байгаа ч байнга гэрийнхэн нь ээж эгчийнх нь зэвүүн хандлага худлаа үнэн үгс, хүн муулдаг байдал сэлт нь санагдаад үнэхээр уур хүрдэг. Ирээдүйд яана даа л гэж бодогддог. Үр хүүхэд төрөх үед, хүндээр өвдвөл яанаа, гэртээ суух үе ирвэл яанаа гээд л. Үүнээс болоод байнга найз залуутайгаа муудалцах боллоо.
Үнэхээр зүгээр намбалаг сайхан хүмүүс байж болдоггүй юм уу. Эсвэл бүх хадмууд ийм аймаар байдаг юм уу. Хүний охин хүүхдийг бэр гуйгаа ч үгүй байж ингэж их элдэвлэж загнаж харааж болдог гэж үү. Эсвэл тэсвэрлэх ёстой юм болов уу. Зайгаа барих гэхээр үнэхээр тэгж зайгаа бариулахаар хүмүүс биш ээ. Гэнэт л орж ирээд “чи яагаад надруу ярихгүй байна, чи яагаад” гээд л эхэлнэ. Яриад дотно байя гэхээр, ээж аавын минь орлого сэлтнээс өгсүүлээд асуухгүй юм ярихгүй сэдэв гэж байхгүй. Эгч нь байхгүй үед ирээд миний юмыг хэлэлгүй аваад явчихна. Дараа нь асуугаар, “ирэхээс чинь өмнө буцаагаад тавьчихна гэж бодож байсан” гэх жишээний. Миний хувцас гутал гээд онгичихгүй юм байхгүй. Үнэхээр ойлгомжгүй ийм нэг хүмүүстэй учраад эргэлзээд байна аа. Яах ёстой байдаг юм болдоо, ямар байдаг юм болоо хүмүүс. Тэсвэрлэх ёстой юм болов уу. Тэгэхээр бөөн стресс дунд л амьдрал минь өрнөх гээд байх шиг санагдах юм. Найз залуу маань ч хэрэндээ л хэлдэг юм шиг байгаа юм. Тэгэх тусам нь улам нөгөөдүүлийнх нь дургүй нь хүрээд байдаг ч юм шиг. Амьдрал эхлүүлэхэд нээрээ энэ бүхнийг зүгээр тэсэх хэрэгтэй юу…