Ядарч байна яг яах ёстойгоо мэдэх юм алга. 35 настай эмэгтэй 2 хүүхэдтэй. Нөхөр маань сэтгэл гутрах өвчнөөр өвдөөд 2 жил болж байна. Аж амьдралаа авч явахын тулд өглөөнөөс орой хүртэл борви бохис хийлгүй ажиллана. Захиралдаа загнуулна, төлөвлөгөөнд шахуулна. Хүүхдүүдээ сургуулиас авна, гэртээ хүргэнэ, гэр гэж нохойн оромж шиг юм байна. Хоол ч үгүй цай ч үгүй, за тэр хоол цай нь ч дүүрч гэхэд ядаж өөдөөс инээмсэглэсэн инээмсэглэл ч үгүй. Ярвайсан, уйтгарласан, амьдралаас уйдсан, үхэл эрэлхийлсэн хүн намайг ширтсээр. Хоёр хүүхдээ бодооч ханийгаа бодооч гэж мянга хэлээд ч нэмэр алга. Үхэл л энэ хүнд хэрэгтэй бололтой. Үхмээр байна гэж хэлэх тоолонд нь үр хүүхэд бид 3 ямар ч үнэ цэнэгүй мэт санагдаж, амьдрал ямар ч утгагүй санагддаг.
Хичнээн ч удаа тэр хахир хөндий хүйтэн үгэнд нь гомдож уйлж суусан юм бүү мэд. Одоо нулимс ч гарахаа байж дээ. Заримдаа ч хүүхдээ тэврээд гэртээ ороход түүнийг амиа хорлочихсон байх вий л гэж айх юм. Хүн их муухай юм боддог юм билээ. Эхлээд аль болох үхүүлчихгүй байх юмсан, хамт амьдрах юмсан гэж боддог байсан бол цаг хугацааны эрхээр итгэл алдарч ядаж үр хүүхдийнхээ дэргэд, гэр орондоо амиа хорлож нүгэл битгий хийгээсээ л гэж боддог болж. Хэзээ нэгэн цагт энэ хүнийг амиа хорлочихсон гэх мэдээ сонсвол зочирдохооргүй л боллоо.
Сэтгэл гутралд орсон хүн гэр бүлээ битгий хэл өөрийгөө ч анхаардаггүй бололтой. Жин нэмж, бие хаа нь язарч, бүр өмхий үнэртэнэ. Бос шүдээ угаа, бос усанд ор гэж гуйж байж нэг юм хөдөлгөнө. Гаръя оръё кино үзье, юм үзье гадуур гаръя гэх тоолонд эсэргүүцнэ. Гэртээ дээшээ хараад хэвтэх эсвэл фэйсбүүк ухаад л сууж байх бололтой. Өнөөдрийнх шиг ийм новшийн бороо уйлангартсан өдөр бол амиа хорломоор байна гээд л хэвтэж байгаа байх. Яаж хоёр хүүхдээ аваад харина даа л гээд яс хавталзаад сууж байна даа. Хүүхдүүд маань хоёр хүү тулдаа л тэсэж байх шиг, хоорондоо тоглоод л шулганалдаад л. Хаа нэгтэй аавыгаа тоглоё гэж гуйх боловч аав нь хөдлөх шинж алга. Бүр залхсан янзтай харна. Охин үр байсан бол яана даа л гэж бодох юм. Зайлуул хөвгүүд юмдаа л гэж сэтгэлээ тэвтээх юм.
Заримдаа ч энэ үйлийн үртэй амьдралаас би өөрөө түрүүлээд явчихмаар санагдана. Гэнэтийн осол аваар гараад үхчихдэггүй юм байх даа л гэж бодно. Намайг үхээд өгвөл энэ хүн нэгийг ухаарч нөгөөг ойлгох юм болов уу бүү мэд. Үр хүүхдэдээ л хоргодох юм гэтэл энэ хүн яаж ямар амархан аргаар үхэх вэ л гэж бодож суугаа байх даа. Заримдаа энэ бүхний буруутан нь би юм шиг л санагдана. Үнэндээ ээж аав нь бараг надаас болсон гэдэг юм билээ. Энэ хүн ингэж өвдсөн, ингэж аашилж байгаа нь миний буруу бололтой. Сэтгэлийн тэнхээгүй эрх танхи өссөн хүний хүүхдийн амьдралын зовлон даахгүй байгаа нь миний буруу байх аа. Болдог бол өмнөөс нь өвдөж, өмнөөс нь үхмээр санагдах юм.
Ажилгүй, амьдралгүй, үр хүүхэд ханиа гэсэн сэтгэлгүй, үхье л гэсэн бодолтой хүнийг харж 2 жил амьдрахдаа үнэндээ үс минь бууралтаж нүдний минь гал унтарч байх шиг. Одоо энэ хүн надад үзүүлэх зовлон нь нөхрийнхөө толгойг залгисан бүсгүй, үр хүүхэд нь насан туршдаа галзуу өвчтэй новшийн үр хүүхэд гэж адлуулах л дутуу байх шиг. Хичнээн олон эмнэлэг, хичнээн олон бөө лам, сэтгэл зүйчээр явсан юм бүү мэд. Хүн өөрөө л хичээж, өөрөө л өөрчлөгдье, өөрөө л энэ заваан өвчнөөс салах юмсан гэж тэмцэхгүй бол Бурхан дэргэд нь байсан ч нэмэргүй бололтой. Өөрөө нэг ч тэмцэл, зүтгэл гаргахгүй хирнээ бусдыг буруутгаад суухад яаж өвчнөөсөө ч салах вэ дээ.
Сүүлийн үед юун секс, юун хайр, эр хүний тэр дулаахан тэвэр дүүрэн хайр нь хэзээ дуусчихсан юм болдоо бүү мэд. Хамгийн сүүлд хэзээ секс хийснээ ч мартаж орхиж. Сэтгэл гутралын өвчтэй хүмүүсийн дэргэдэх хүмүүс хамгийн түрүүнд сэтгэл гутралд орж, хамгийн түрүүнд үхэцгээдэг гэсэн, бараг үнэн байх аа. Ханилсан ханийхаа толгойг залгисан, үр хүүхэд минь галзуурч үхсэн аавтай л гэж хэлүүлэхгүй байхсан. Иймэрхүү сэтгэл гутралын өвчнөөс яаж салах вэ? Салж байсан туршалгатай хүмүүс байна уу? Үнэндээ ийм өдөр гэртээ ч харихаас дургүй хүрч сууна. Яах вэ?