Сайн байна уу? Чамд энэ захидал очих өдрийн мэндийг хүргэе. Хоёулаа анх энэ сайт дээрээс нэг нэгнийхээ и-мэйл хаягийг мэдэж, танилцаж билээ. Одоогоос 5 жилийн өмнө юм байна. Тэр үед зөвхөн и-мэйлээр харьцаж үзэл бодлоо солилцож, сайхан найзууд байж билээ. Гэхдээ хоёул алс хол зайд байдаг байсан болохоор ганц удаа ч нүүр нүүрээ харж уулзаагүй шүү дээ. Тэгэхдээ л нэг нэгэндээ дасаж, дотно харилцдаг байсан санагдана.
Хоёр жилийн өмнө хоёулаа фэйсбүүк хаяг нээж харьцдаг болсон нь илүү дотносох нөхцөл болсон юмуу даа. Тэр нэгэн 9 дүгээр сарын нартай өдөр чатаар бүтэн зургаа солилцох хүртэл сайхан л харьцаатай байж дээ гэж би дурсан сууна. Учир нь чи миний зургийг харчихаад таньдаг хүн маань байна гээд тэр чигтээ алга болчихсон. Би үнэндээ гайхаж хоцорсон, хэсэг хугацааны дараа эргэн холбогдох байх гэдэгт итгэж байсан, хүлээсэн даанч чи тэр чигтээ хамаг хаягаа хаасан. Үнэнээ л хэлье чи миний хувьд огт танихгүй хүн байсан. Чиний хэлж байснаар бол (2016 онд) одоо чи Монголдоо ирсэн байх учиртай.
Илүү дэлгэрэнгүй зүйлийг энд бичээд хэрэггүй байх тийм биздээ. Чамайг энэ сайтаар зочилдог гэдгийг би мэднэ ээ. Эргэн холбогдохыг хүсье.
Нарт хорвоогийн өдөр хоног өнгөрсөн ч
Нандин сэтгэлийн гүнээс чи гарахгүй юм аа
Хааяа санагалзаж, хачин гэмээр үгүйлэх юм
Харин чи намайг боддог болов уу!
Хүсэл зоригоо хорьж болохгүйг хоёулаа ярилцдаг байсан
Хүчээр хорихоор зориглож үзэцгээсэн
Хамтдаа тэмцэх аргаа хайсан
Хачин гэмээр энэ хувь тавиланг
Хаашаа харж хэндээ хэлэх билээ дээ
Хариулж надад нэг хэлээрэй…